Аль лиг нь том бэ?
2017 оны 6 сарын 9 [Уншсан тоо: 87549]

Хөлбөмбөг сонирхогчдын дунд үүсдэг хамгийн том маргаан бол аль лиг нь хүчирхэг талаарх яриа юм. Энэ бол монголд гэлтгүй дэлхийн нийтийн маргааны сэдэв болоод буй. Маргааны гол нэр дэвшигчид европоос Англи, Герман, Испани, Итали, Франц, америк тивээс Бразил, Аргентин, АНУ-ын лигүүд нэр дэвшиж байна. Тэдний араас азийн лигүүд жагсана. Гэхдээ бидний үндсэн ярилцах лиг Европ тивд төвлөрөх нь тодорхой бөгөөд топ-5 лигийн тухай юм. 

“Бага дэлхийн аварга”
      
Аваргуудын лигийн амжилт болон оролцох эрх лигүүдийн нүдэнд харагдахуйц үнэлгээ юм. Гэхдээ шууд тухайн лигийн сайн мууг дүгнэнэ гэдэг өрөөсгөл. Аваргуудын лигийн амжилтаар нь харвал испанийн Ла Лиг тасархай тэргүүлж байгаа гэж хэлж болно. Араас нь германы Бүндэс Лиг амжилтаараа жагсах бөгөөд хамгийн их үзэгчтэй гэх английн Премьер лиг, италийн Сери А-тай мөр зэрэгцэн давхиж буй мэт. 
     
Ойрмогхон түүх сөхвөл Сери А дэлхийн хамгийн том лиг байлаа. “Бага дэлхийн аварга” гэж нэрлэгдэж байсан Апенниний хойгт дэлхийн бүхий л одод цуглаж байв. 90-ээд оны үед босоо байсан лиг арван жилийн дараа байр сууриа бусад лигүүдэд алдсан. Одоо оношийг нь олоход засаглал, улс төрийн оролцоо гээд хэлчихэж болох ч тухайн үед оношийг нь цөөхөн хүн л тодорхойлж байлаа. Италийн лигт бүх нөөц боломж, суурь байгаа, гол нь тэд засаглалаа сайжруулж, улс төрийн оролцоог хязгаарлах хэрэгтэй. 

Ингэсэн тохиолдолд Италийн лиг дахин дэлхийн том тамирчдыг цуглуулах боломж бий. Хэрвээ энэ маягаараа удвал сайн клубууд, засаглал муутай хөлбөмбөгийн холбоо гэсэн нэртэй л явна. 

Ер нь хөлбөмбөгийн холбооны бодлого, зарим нэг клубээсээ дор байгаа нь бодит үнэн юм.
     
Одоогоор Ювэнтус баг Италийн лигийн гол нүүр царай болж байна. Миланы хоёр баг босох эсэх нь эргэлзээтэй. Холбооных нь зүгээс бол сайжрах тал дээр ойрдоо худлаа байх, харин клубын зүгээс АС Милан хятад эзэнтэй болсноор хөрөнгө оруулалт сайтай болсон. Дахин дэлхийн баг болвол сайхан л байна, гэхдээ харж л байя. 

Дундаж болон дунджаас доошхи багуудын ирээдүй үнэхээр бүрхэг. Бүндэс лиг италийн клубуудыг аль хэдийн ардаа орхиж, одоо франц ард нь ирчихсэн хүлээж байна. 

Яагаад Англи гэж?

Дээрх түүхээс улбаалан Английн лигийн өнөөгийн нөхцөл байдал руу орьё. Өнөөдөр Премьер Лиг шиг сонирхолтой хөлбөмбөг алга. Сонирхолтой учраас л үзэгчид үзэж, дэлхий даяар телевизүүд үнэ хаялцан худалдан авч байна. Шалтгаан нь 90-ээд оны Сери А-гийн яг эсрэгээр. Засаглал маш сайн. Премьер лиг дэлхийг байлдан дагуулж буй үндсэн шалтгаан ердөө л энэ. 

Засаглал гэдэг орчин үеийн хөгжлийн үндсэн хөшүүрэг болж, бүхий л хөгжлийн бодлого энэ чиглэлийг баримтлах болсон. Засаглал сайтай газар хөрөнгө оруулагчдыг татна, хөрөнгө оруулалт тоглогч, дасгалжуулагчдыг татна. Мэнэжмэнтээ нэмчихвэл хөгжил гэдгийг утгаар нь харуулна.

Гол нь үзэгчид шударга юманд дуртай. Хорин жилийн бодлогын хариу хэдэн жилийн өмнө гарсан гэхээр засаглал гэдэг шууд өнөөдөр харагддаг зүйл биш байх нь. 

90-ээд оны Английн лигийг харвал ганц хоёр тэргүүлэх багтай, багуудын өсөлт тогтвортой биш байлаа. Манчэстэр Юнайтэд нэмэх нь Арсэнал, ингээд л бол оо. Ливэрпүүл, Ньюкасл, Блэкбөрн тогтвортой бус.

Хааяа нэг амжилт гаргах хэдий ч, буцаад унах нь клубын алсын зорилго, тогтворгүй байдалтай холбоотой байв. 2000 он гараад Сери А-гийн байр суурь Премьер лиг рүү шилжиж хөрөнгө оруулагчид Будант Албионыг сонирхож эхэлсэн юм. Английн хөлбөмбөгийн онцлог үүн дээр нэмэлт давуу тал болж байсан бөгөөд хурдтай, ширүүн хөлбөмбөг энтэртэйнмэнт талдаа үзүүштэй байлаа. Хурдтай, хүчний хөлбөмбөг дээр өмнөд америк стил нэмэгдсэнээр үзүүштэй байх тал дээр бүр тасарч өгсөн билээ.

Хоёр сайн багтай, үе үе цоороод унадаг клубуудтэй лигийн дүрэм өөрчлөгдөж эхэллээ. Топ-4 бүрдэх болж, Манчэстэр Юнайтэд, Арсэнал, Ливэрпүүл, Чэлсигийн өрсөлдөөн нь, Лигийн аварга болон Европын тэмцээнд оролцох эрх авна гэдэг хамгийн сонирхол татам тулаан байв. 

Энэ бүхний ард ердөө л сайн засаглал байсан юм. Ливэрпүүл тоглолтын хувьд ТОП гэдэг ангилалд багтахгүй мэт харагдаж байсан ч клубын уламжлал, суурь алдагдаагүй байсан давуу тал удалгүй сэргэж,томчуудын эгнээнд элссэн. Удирдлагын ороо бусгай үеийг даван туулсан Ливэрпүүл клубын дотоод засаглал эвдэгдэх мөч бүрт хурдтай өөрчлөлт, хөгжөөн дэмжигчид идэвхитэй шаардлага тавьж байлаа. 

Сүүлийн жишээ бол Жиллэтт, Хикс гэсэн эздийнх нь асуудал. Тухайн үеийн Удирдах зөвлөл алсын хараатай шийдвэр гаргасны үндсэн дээр хэт хувийн сонирхолтой байсан эзэд аргагүй эрхэнд багаа зарсан юм. Дэлхий даяар Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид идэвхитэй оролцож Монголын Ливэрпүүлийн дэмжигчдээс хүртэл баннэр барьж өөрсдийн хувь нэмрээ оруулсан билээ.

Засаглалд аюул учруулснаараа тэд анхны хөрөнгө оруулалтаа авч чадаагүй. 

Чэлсиг Оросын тэрбумтан Роман Абрамович худалдаж авснаар дэлхийн хэмжээний баг болгосон. Тухайн үедээ Аваргуудын лигийн эрхтэй, Ньюкасл, Блэкбөрний араас доошоо явах гэж байсан багийг хоромхон хугацаанд босгож ирсэн байдаг. 

Удалгүй Ридингийг Зингаревич, Күинс Парк Рэйнжэрсийг тухайн үеийн дэлхийн найм дахь баян Лакшми Миттал гээд баячуудын сонирхол Англи руу цуварч эхлэв. 

Өнөөдөр Премьер лигийн клубуудын эздийг гадны хөрөнгө оруулагчид үлэмж хувийг эзлэх болжээ. 

Хөрөнгө оруулагчид яагаад Английн хөлбөмбөгийг сонирхож буй шалтгаан энгийн. Нөгөө л засаглал. Сонирхолтойгоос гадна худал хуурмаг, тэгш бус зүйл нэг ч байхгүй. Тэд мөнгөө оруулааад мэнэжмэнтээ хийж чадвал ашиг олж, дэлхийг байлдан дагуулах клуб босгож чадах бүрэн итгэлтэй болжээ. Мэнэжмэнт тал дээр холбоо маш сайн ажиглладаг учир клубын эзэд үүн сэтгэл хангалуун хөрөнгөө оруулна.

Холбоог төлөөлж буй лигийн дэмжлэг, оролцоо маш эрүүл. Ливэрпүүл, Чэлсигийн адилаар Манчэстэр Сити, Тоттэнхэм томчуудын эгнээнд орж өнөөдөр Топ 6 – н багтай болсон. Удахгүй 7, 8 гээд үргэлжилэх нь тодорхой. Цаг хугацааны асуудал. Цааш нь прогноз хийвэл, Топ-20 – н багтай болно. 

Жил ирэх бүр Аваргуудын лигээс илүү их хөрөнгөтэй, брэнд, сонирхолтой болж буй, ирээдүй нь яг л АНУ – гийн НБА.1992 оноос хойш ивээн тэтгэсэн Barclays банк энэ жилээс Премьер лигт ивээн тэтгэгчээр ажиллаагүйг Та бүхэн анзаарсан байлгүй. Телевизийн орлогоос хорин багтаа хувааж өгөх болсноор тухайн брэнд ивээн тэтгэгчийн шаардлагагүйгээр ашигтай ажиллах болсны илрэл. 

Энэ жилийн сүүлийн байранд орсон Сандэрлэнд 99.9 сая фунтыг шагнал болгон авсан бол Реал Мадрид Аваргуудын лигт түрүүлээд 89.5 сая евро буюу фунтээр бол 77 сая болж байгаа юм. Сандэрлэнд ойролцоогоор Европын аварга клубээс 22 гаруй саяар илүү ашиг олжээ. Ювэнтус хэдий дэд байранд орсон ч 87 орчим фунтыг шагналын мөнгө болгон авсан юм.

Өнгөрсөн улиралд Премьер лигийн сүүл мушигсан Астон Вилла 66.2 сая фунтыг авсан бол түрүүлсэн багуудын мөнгө өнгөрсөн жилийн Лэйстэр 93 сая, энэ жилийн Чэлси 153.2 сая фунтын шагнал авч өссөөр байна. 

2019 он хүртэл энэ мөнгө буурахгүй. Дотоодын телевизийн эрхээс 5.50 тэрбум фунт, гадаадын телевизүүдээс 3 – н тэрбум фунтын ашиг олж байна. 

Их Британийн арал Герман, Францаас бага хүн амтай, хэрвээ яг Английг тооцвол Италиас ч бага хүн амтай болно. Ингэхээр хүн амын тооноос телевизийн мөнгөний хамаарал бага юм. 

Наймааны цонх руу орвол орчин үеийн тамирчдын үнийг хэт өсгөж буй гэдэг яриа гарч буй. Премьер лигийн багууд ерөнхий массаараа үнийн хөөрөгдлийн үндсэн шалтгаан болж, бусад лигүүдийн орон зай хумигдсаар байна. 

Хэдэн том багуудаа эс тооцвол бусад лигийн дундаж, дунджаас доошхи багууд үнийн хөөрөгдлийн үндсэн золиос болж буй. Алжирын Ислам Слимани гэх довтлогчийг 30 сая еврогоор премьер лигийн баг л авна. 

Реал, Барса, Ювэнтус, Байерн, ПСЖ ийм их мөнгө гаргах ч ямартаа ч Слиманид биш. Дээр нь Муса 19 сая, Ндиди 17 сая, Мэнди 15 сая. 

Лэйстэр түрүүлсэн гэж үзэж байгаа бол дундаж багуудын наймааг сонирхоод үзье. Кристал Палас Бэнтэкэг 32 сая евро, Таунсэндийг 15 сая, Миливойевичд 15 сая, Шлуппт 13 сая, ван Аанхолтод 12 сая, Томкинст 11 саяыг ердөө энэ жил зарцуулжээ. Дидье Ндонгийг англид л 20 саяар авна.


Үзэгчид хамгийн үнэтэй наймааг сонирхдог боловч тухайн лигийн нийлбэр дүнгээр Премьер лиг тасархай тэргүүлнэ. Сүүлийн улиралд наймаанд 1.6 тэрбум еврог Английн хөлбөмбөгийн багууд тоглогч авчирахад зарцуулсан бол Герман, Испани, Итали нийлээд энэ тооны хаана нь ч хүрэхгүй байна. Эдгээр лигүүдээс ганц хоёр клуб л жин дарна уу гэхээс ихэнхдээ жижиг сажиг наймаанууд явна. 

Ирээдүйд английн дундаж багууд гэдэг “аварга мангас”-ууд гарч ирнэ. Бараг л гараад ирчихсэн байна л даа. Бусад лигүүдийн тоглогчид английн дундаж багаас өндөр цалин авах гэж, багууд ч тоглогчдоо англи руу үнэтэй явуулдаг жишиг тогтоно. Яг л одооны португал, орос, түрк шиг жижиг тоглогчид авчраад тордож байгаад том лигт зардаг шиг английн клубууд хүссэн хүсээгүй ийм болно. Байерн германы бусад багуудад од болж буй тоглогчдыг мөнгөөр зодож авчирдаг томорсон тогтолцоо лигүүдийн түвшинд ингэж үйлчлэх буй за. Мэдээж бусад лигүүдэд нөгөө том багууд нь л энэ давалгаанд өртөхгүй. Гэвч бас л цаг хугацааны асуудал юм. Англи европт тоглох шаардлагагүй НБА шиг дотроо алалцаад эхэлвэл яана. Хамаагүй их мөнгөтэй, нэр хүндтэй болж бүгд англид л тоглох гэж хүсдэгийг үгүйсгэх аргагүй.

Испаний лиг хаана явна вэ?

Европын тавцангийн амжилт, тоглолтоороо Испанийн клубуудыг дийлэх лиг алга. Гэхдээ сүүлийн таван жил гэвэл буруудахгүй. Ахиад 3 - 5 – н жил үргэлжлэх төлөв харагдаж буй. Дараа нь яах вэ? Реал, Барсэлонагийн Ерөнхийлөгчийн сонгууль улс төр шиг л юм болдог. Олхиогүй нөхөр ч гардаг тохиолдол бий. 

Сэвилья, Вильярреал, Атлэтик Билбао тоглолтын хувьд сайн байгаа л даа. Харин цаашдын урт хугацааны өсөлт төдий л харагдахгүй байна. Атлэтико Мадрид энэ гурван багийн илүү сайжруулсан хувилбар мэт харагддаг. Тоглолт бол үнэхээр аймар. Хамгаалалтын зохион байгуулалт, сахилга бат, сөрөг довтолгоо, систем үнэхээр өөлөх юмгүй нягт. Симеоне ч өөрөө алсын хараатай олон жилийн төлөвлөгөөтэй мундаг дасгалжуулагч юм. Тоглолтын хувьд Симеонег байгаа үед Реал, Барсэлонатай тэнцүү хэмжээний өрсөлдөөнийг үзүүлж чадаж байгаа бол цаашдаа энэ эрчээ хадгалаад явна гэдэгт эргэлзээ төрнө. 

Тоглолтоороо тэдний энд хүрэхгүй английн Тоттэнхэм илүү ирээдүйтэй харагдаж буй гэхэд буруудахгүй. Симеонегийн тоглогч нар том багт тэнцэхээсээ илүү системдээ илүү тохирсон тоглогчид. 

Системийн толгойлогч явбал яах вэ? Системийг хадгалж чадах, эсвэл зугуухнаар өөрчилж, өөрийн хэв маягт оруулах дасгалжуулагч хэрэг болно. 

Энэ хугацаанд санхүүгийн хувьд нөгөө хоёрт хүрч чадахгүй бол байдал эвгүйтнэ. Ийм л прогноз харагдаж буй. Валэнсиа, Вильярреал, Малага, Дэпортиво, Сэвильягийн босоод унадаг нөхцөл байдалтай тун төстэй. Унаад босч чадахаа больсон тохиолдол ч олон. Дээрх клубууд аминдаа хамаг ухаан бодлоо шавхаж сайн тоглох эрмэлзлэл байгаа ч лигийн мэнэжмэнт сайнгүй учраас хөрөнгө оруулалт багатай. Хөрөнгө оруулалт багатай учраас өсөлт гаргахад хэцүү. 

Нөгөө хоёр буюу Реал, Барсэлона. Испанийн лигийн нүүр царайнуудын үүсэл нь хөгжөөн дэмжигчид итгэл үнэмшлээрээ бий болж жамаараа хөгжсөн Их Британийн арлаас өөр. Уг гарвалыг нь хайвал улс төрийн нөлөө гарч ирнэ. Баск (Билбао), Каталон (Барсэлона)-ы Испаниас тусгаар тогтнох гэсэн дайсагнал хөлбөмбөгийн клубуудын хөрөнгө оруулалт болсон байдаг. 

Хөлбөмбөг бол энхийн бослого бөгөөд эзэн хааны клуб, босогчдын армийн тулаан яваандаа хөлбөмбөгийн том соёлыг бий болгосон. Эзэн хааны мөнгө хөлбөмбөг рүү, тусгаар тогтнолын мөнгө хөлбөмбөгт зарцуулахаар хүссэн хүсээгүй томроно.

Ийм төрлийн соёлын нэг сул тал нь өөрсдөө томроод хэт “данхайсан” тогтолцоог бий болгож, бусад нь араас нь гүйцэх боломжийг бараг үлдээдэггүй. Араас нь дөхөж ирээд л унаад өгдөг. 

Германд нэг багтай ийм тогтолцоо олон жил явсан.  Одоог хүртэл засаглалын зөрүүнээс Зүүн Германы хөлбөмбөг хөгжөөгүй байна. Берлиний Хэрта хүртэл капиталист Берлинийнх. Энэ жилээс Лайпцигийн өсөлт хир удахыг харж л байя. Хөгжих тусам давуу тал нь сул болдог тогтолцоо цаашдаа ч өөрсдийн хэв маягаа хадгалах төлөвтэй. 

Топ-4 гэж хэлэгдэх хэмжээний өрсөлдөөн үүсээд Английн хэв маяг руу орох хэцүү. Хэрвээ ингэж чадахгүй бол Реал, Барсэлона Европт тоглодоггоороо тоглоод дотоодын лиг энэ хэвэндээ үлдэнэ. 

Хэрвээ Премьер лигийн нэр хүнд, Аваргуудын лигээс давах үед яах вэ? Алсыг харвал улсуудын лигүүдээс илүү Европ тивийг хамарсан лиг үүсэх боломжтой ч, одоо зөвхөн төсөөллийн хэмжээнд. 

Шигшээ багуудын хэмжээнд 2020 оны Европын аварга нэг улсад биш 12 улсын 13 – н хотод зохион байгуулагдана. Эхлэл ч байж болох юм.

Ла Лигийн ирээдүй Реал, Барсэлона биш бусад багуудын өсөлт юм.

Бусад багууд өсөлт энэ хэвээр орон гаран үргэлжлэвэл, зөвхөн Аваргуудын лигийн хэдэн багийн амжилтыг хөгжил гэж харах хэцүү. Спортод бол энийг амжилт л гэнэ дээ. Испаничууд холбооныхоо засаглал, мэнэжмэнт дээр бага багаар ахиц гаргасаар л байгаа, харж л байя даа.

Бүндэс лиг буюу ирээдүй!

Одоогоор өсөлтийн хурдаар гайхамшигтай амжилт үзүүлж буй лиг бол Бүндэс лиг. Германы Хөлбөмбөгийн Холбоо шигшээ болон клубын түвшинд аль алинд нь алсын хараатай, алдаагүй бодлого гаргадаггаараа Английн Хөлбөмбөгийн Холбооноос ялгардаг. 

Засаглалын хувьд Англитай адилхан сайн. Шигшээ багийн хувьд Клинсманн, Лөв болон Эрикссон, МакЛарэн гэсэн бодлогоор англичууд хожигдож байлаа. 

Одоо ч Англичууд шигшээ багийн дасгалжуулагч дээр бүтэлгүйтсэн хэвээр. Засаглал бол ялгаа багатай. Харин мэнэжмэнтээр Англи хол илүү, гэхдээ хөлбөмбөгийн бодлогоор Герман илүү алсын хараатай ажилласан нь харагдаж байна. 

1990 оны дундаас шинэчилсэн бодлого 2006 оноос үр дүнгээ өгч, Германы өнөөгийн шигшээ багийн нүүр царайг бий болгосон. 

Лигийн түвшиний шинэчлэлүүд үр дүнгээ өгсөнөөр клуб, шигшээгийн өсөлт асар хурдан нэмэгдэж, Гуардиолагийн нөлөө үүн дээр хачир болсон юм. 

2004 оны маш муу Герман, 2006 оны цоо шинэ Германы ялгаа асар их. Бодлогын хариуг ингэж гаргана гэдэг гайхам. 

Өнөөдөр Бүндэс лигийн мэнэжэнмэнт Англитай ойролцоо хэмжээнд очиж буй. Мэдээж зэрэгцэх болоогүй л дээ. Испанийг бодвол бусад дундаж клубуудын ирээдүй баталгаа харагдаж буй.

Бусад лигүүд

Дөрвөн том лигийн өнөөгийн нөхцөл байдал, ойрын ирээдүйн талаарх прогноз иймэрхүү төлөвтэй харагдаж байна. 

Итали, Испанийн лиг яах нь тодорхойгүй байгаа бол Англи, Германы лиг цаашаа улам өнгө засах нь тодорхой харагдаж буй. 

Азийн лигүүд хурдацтай өсч бойжиж, АНУ удахгүй тивдээ хамгийн том лигтэй болох төлөвтэй. 

Манай урд хөршийн лиг угаасаа томорно. Төрийн бодлого нь ч хөлбөмбөг рүү чиглэж буй. Бидэнд наалдац нь том байна даа.

Манайхаас хүртэл олон дасгалжуулагчид өндөр цалинтай ажил өвөрмонголд хийж байна. Яваандаа төрийн оролцоог багасгаж, барууны мэнэжмэнт орж ирвэл бид яг урдаа дэлхийн том лиг бүрэлдэх явцыг харж болох юм. ТүүнчлэнЯпон, БНСУ ч эрчээ алдахгүй нь тодорхой. 

Урагшилна уу гэхээс хойшлохгүй. 

Бразилын эдийн засгийн өсөлт, эрүүл тогтолцоо нь угаасаа бэлэн байсан материал дээр хурдтай өндийх үүд хаалга харагдаж, Энэтхэг, Австрали бүс нутгийн хэмжээний том лигүүд болсоор. Арабын хойгт Хятадын жижигрүүлсэн мэт хувилбарын лигүүд ч нилээд хэдэн жил боллоо. Түрк, Португал томорч байна. Цагаачдын нөлөө цаашдаа Скандиновын улсуудын хөлбөмбөгийн хөгжил, амжилтыг аль алиныг нь дээш татах байлгүй. Австри, Швейцар ч бий. 

Харин Оросын лигийн өнгө төрх цаашид яах бол? Орос хүйтэн, газар нутаг том. Энэ бол нөлөөлж болохуйц том шалтгаан. Гэхдээ засаглал сайжирвал Оросын нөөц мундаг. Заал, элсний хөлбөмбөгөөр Орос дэлхийн баг. Оросын баячууд хөлбөмбөгт дуртай. Баруун европт л “үүр”-лээд байгаа болохоос нутагтаа том лигтэй болох мөрөөдөл, амбиц хангалттай бий. 

Гол нь хөлбөмбөгийн засаглал тунгалаг болж, улс төрөөс ангид, барууны мэнэжмэнт орох хэрэгтэй. Эхлэл нь сайн засаглал, улс төрөөс холдож бие даах.
Ирэх жил анх удаагаа Хөлбөмбөгийн Дэлхийн аваргыг тэд зохион байгуулна. Сочи шиг алдагдалтай ажиллавал Оросын хөлбөмбөгт ахиад л хугацаа хэрэгтэй гэдэг нь харагдаж, Абрамович, Усманов тэргүүтэй хөлбөмбөгийн хорхойтой тэрбумтнууд ашиггүй төсөл рүү мөнгө оруулахгүй. Чаддагаараа шигшээ багийн дасгалжуулагчдаа хамаг мөнгөө зарах биз.

Хөлбөмбөгийн хөгжил засаглалтай шууд холбоотой болжээ. 

Хөлбөмбөгийг хөгжүүлье гэвэл ил тод бай, засаглалаа сайжруул. Энэ нь тухайн холбоо, клуб аль алинд нь хамаатай. 

Хөгжил гэдэг энэ хоёрын нийлбэр дүн юм шүү дээ.  Дундаж хэмжээнд хөгжье гэвэл ингээд л бол оо...




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив