Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа, Монголын үе үеийн хөлбөмбөгчдөөс
2015 оны 1 сарын 26 [Уншсан тоо: 100884]

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгууль ирэх хоёрдугаар сарын 27-ны өдөр болно. Энэ сонгууль монголын хөлбөмбөгийн түүхэнд чухал олон үйл явдал дагуулж байгаагаараа онцлог юм. Өмнөх 17 жилийн хаалттай зүй бус тогтолцоог өөрчилж, бүхнийг хууль дүрмийн дагуу явуулах талаар Үндэсний лигийн бүх багийн дасгалжуулагч, эзэд нэгдсэн байр суурьтай байгаа боловч, зарим нэг хууль дүрэм зөрчсөн асуудлууд гарч ирсээр байна. Хэрвээ энэ мэт зөрчил болон төрийн оролцоо ороод байвал Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо манай хөлбөмбөгийн холбоог торгох, гишүүнчлэлээс түтгэлзүүлэх, хасах үйлдлүүд гарч болзошгүй бөгөөд өмнө нь 2010 онд Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагаанд 4 жил оролцох эрхээ хасуулж байлаа. Өмнө нь дүрмээ мөрддөггүй байсан холбоог шинээр зохион байгуулахыг хүсвэл хууль дүрэм зөрчсөн үйлдэл гаргаж болохгүй гэдэг дээр хөлбөмбөгчид санал нэгдэж буй. Дүрмээ баримтлахгүй бол ямар үр дүнд хүрдэгийг өнгөрсөн 17 жил хангалттай харуулсан. Иймээс хууль дүрэм зөрчсөн, эх орны нэрийг гутаасан үйлдлийг дахин гаргахгүйн тулд хөлбөмбөгчидийн түр хорооноос буюу монголын үе үеийн хөлбөмбөгчдөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид бичсэн нээлттэй захидлыг хүргэж байна.

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА,

Монголын үе үеийн хөлбөмбөгчдөөс хүргэх захидал

Нээлттэй захидал

    Эрхэм Ерөнхийлөгч Таны энэ өдрийн амгаланг эрье

  Бид Монголын Хөлбөмбөгийн спортын хөгжилд олон жил бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ирсэн гишүүд билээ. Цаашдаа ч энэ спорт ард түмний дунд улам бүр хөгжиж, сонирхогч олон зөвхөн телевизээр үзээд зогсохгүй, энэ дуртай спортоороо биеэ эрүүл, ухаанаа саруул байлгахын тулд хичээллэж байгаасай, мөн түүнчлэн, хүүхэд залуучууд дуртай зүйлээрээ амжилтанд хүрэхийг зорьж, зорилготой, тэмүүлэлтэй байгаасай, дэлхийн дэвжээнд нэрээ дуурсгаж, Монгол түмнээ баярлуулан бахархуулах тамирчид болоосой гэж хүсч ажиллаж, өдий хүрлээ.

    Ийм боломжийг бүрдүүлэх нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) - ны үүрэг гэж үздэг.

    Хөлбөмбөгийн тоглолт бүр багийн ажиллагааны гайхалтай тод жишээ болдог бөгөөд хүн бүр дор бүрдээ ажлаа ягштал сайн хийж байж гоол орж, үр дүн, ялалт, амжилт ирдгийг ухааруулдаг.

    Хөлбөмбөг бол талбай дээр шударга тогло, бие биедээ хүндэтгэлтэй ханд, нөхөрсөг бай гэдэг хүнлэг ёсны АЛТАН дүрэмтэй.

    Тамирчдын хувьд талбай дээр төдийгүй талбайн гадна ч гэсэн нөхөрсөг харилцааг хөгжүүлэх, шударга, бусдад хүндэтгэлтэй байх нь ёс жаяг болон хэвшээд байна. Энэ л зарчмаар нь бид хөлбөмбөгт дурлаж, хүүхэд багачууд, залуучуудыг энэ спортоор хичээллэхэд уриалж, хичээллүүлэх боломжоор хангахын төлөө хүчин зүтгэдэг. Ингэснээрээ Монгол Улсдаа, нийгэмдээ үйлчилж, хувь нэмрээ оруулж байна гэсэн итгэлтэй байдаг.

    ШУДАРГА бөгөөд бусдад ХҮНДЭТГЭЛТЭЙ хандах, НӨХӨРСӨГ ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ - ийг уриалдаг хөлбөмбөгийн спортыг Монголд гардан хөгжүүлэх байгууллага болсон Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан шударга бус үйл ажиллагаа явагдаж байгаа тухай олон нийтийн дунд хэд хэдэн баримттайгаар мэдээлэл түгэн тархаж, үүнд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Таны оролцоо байгаа гэдгийг мэдээд туйлаас харамсаж буйгаа илэрхийлэхээр энэхүү захидлыг хүргүүлж байна.

    Саяхан Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэнд хар толбо болон үлдсэн ичгүүртэй явдал гарсан. Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Б.Ганболд буюу “морь” Ганболд гэгч этгээд нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны дүрмийг мэдсээр байж Улсынхаа нэр хүнд, эрх ашгийг үл тоон, зөвхөн хувийн, хар амиа бодсон эрх ашгийн үүднээс байн байн авилга авсан нь нотлогдон, дүрэм ноцтойгоор зөрчсөний улмаас хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцоход нь ОУХБХ–ноос хориг тавигдсан.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таны зөвлөх А.Ганбаатар МХБХ-ны сонгуульд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшиж буй бөгөөд нэр дэвшигч болохдоо МХБХ-ны сонгуульд Монгол Улсын хууль, дүрэм, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ), Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ), МХБХ-ны дүрэм, журам, шийдвэр, заавар, ялангуяа, МХБХ-ны Сонгуулийн журмыг хатуу чанд дагаж мөрдөхөө амласан билээ.

    Гэтэл дээрх амлалтаа зөрчиж, Монголын хөлбөмбөгийн холбооны Их Хурлаараа олон гишүүд хэлэлцэн байж баталсан дүрэм журмыг хувийн зүйл мэт дур мэдэн өөрчилж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, чин сэтгэлээ зориулан зүтгэж ирсэн бусад олон гишүүдийг үл хүндэтгэн, бүдүүлэг ёс зүйгүй үйлдэл хийсэн байна.

    Хэрвээ энэ хүн МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ мэт ёс зүйгүй үйлдлүүд давтагдаж, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны өмнө Монголын хөлбөмбөгийн холбооны нэр хүндийг дахин унагаж, хөлбөмбөгийн хөгжилд саад тотгор учруулж, даамжирч, алдаа олон давтагдвал Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн холбоо хасагдах аюулд хүртэл хүргэж магадгүй ноцтой асуудал үүсч байна.

    МХБХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таны Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар нь өөрийн албан тушаалыг ашиглаж, МХБХ-ны Сонгуулийн үйл ажиллагаанд төрийн нөлөөлөл үзүүлж байна. Эдгээр нь түүний дараах үйлдлүүдээр нотлогдож байна. Үүнд:

МХБХ-ны Сонгуульд төрийн нөлөөлөл оруулсан үйлдлүүд:

  1. А.Ганбаатар нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо болон Ардчилсан холбооны гишүүд, Төрийн албан хаагчдад нөлөөлж, дүрэм бус орон нутгийн салбар холбоодыг байгуулах ажлыг зохион байгуулж, тамга тараах ажлыг хийж байна. Жишээ нь: Говьсүмбэр, Говь - Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар г.м
    А.Ганбаатар нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо болон Ардчилсан холбооны гишүүд, Төрийн албан хаагчдад нөлөөлж, дүрэм бус орон нутгийн салбар холбоодыг байгуулах ажлыг зохион байгуулж, тамга тараах ажлыг хийж байна. Жишээ нь: Говьсүмбэр, Говь - Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар г.м
  2. Сонгуулийн хороо, Сонгуулийн Хяналтын хорооны хараат бус өдөр тутмын тасралтгүй явах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үйлдлийг өөрийн төлөөний хүн болох Ардчилсан залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч, МХБХ - ны ЕНБД -ын үүрэг гүйцэтгэгч Ө.Шижирээр дамжуулан, өдөр тутам зохион байгуулсаар байна.

МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, нэр дэвшигчийн хувьд гаргасан ёс зүйгүй үлдлүүд:

  1. А.Ганбаатар нь 2014.11.22 - ны өдөр хуралдсан МХБХ - ны Ээлжит бус Их Хурлаар өмнөх дүрэмд тусгагдсан “Орон нутгийн салбар зөвлөл” (дотоод нэгж) гэх ойлголтыг “Орон нутгийн холбоо” (сайн дурын үүсгэл санаачлага) статустай болгох асуудал хэлэлцэгдэж тухайн асуудлыг Их Хурлын төлөөлөгчдийн 100% - ийн саналаар дэмжиж, хурлын тэмдэглэлээр баталгаажсан. Харамсалтай нь А.Ганбаатар нь МХБХ-ны дүрэмд редакцийн засвар хийх явцдаа дүрмийн 10.1.а болон 22.1.а заалтуудыг “Орон нутгийн салбар холбоо” болгож, бүдүүлгээр засаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан болно. (Баримт: 2014.11.22-ны ээлжит бус их хурлын видео материал);
  2. А.Ганбаатар нь ОУХБХ - ноос заавал дагаж мөрдөх Сонгуулийн дүрмийн заалтуудыг санаатайгаар засаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Үүнд:
    1. Сонгуулийн хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж, зохион байгуулах үндсэн чиг үүргийг туслах чиг үүрэг буюу хянах чиг үүрэг рүү урвуулсан байдал (Сонгуулийн Дүрмийн 3.1; 6.1.7; 6.1.8; 6.1.9; 15.1.1; 15.1.2; 20.1; 23.1);
    2. Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлыг Гүйцэтгэх хороонд шилжүүлэх гэсэн байдал (Сонгуулийн Дүрмийн 3.5; 5.4);
    3. Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлыг Ерөнхий Нарийн Бичгийн Даргад шилжүүлэх гэсэн байдал (Сонгуулийн Дүрмийн 5.3; 14.1; 16.1; 25.1; 26.2);
    4. ОУХБХ - ны бодлогын дагуу МХБХ-той хэлэлцсэн тохиролцсоны үндсэн дээр хянагдсан Сонгуулийн журмын утга санааг зориудаар гуйвуулах гэсэн байдал (Сонгуулийн Дүрмийн 2.2.1 - д үг орхигдуулсан, 3.1-д үг орхигдуулсан, 4.2-д үг орхигдуулсан, 6.1-д үг орхигдуулсан, 6.1.5, 6.1.11-д байх заалтуудыг тэр чигт нь хассан, 8.1-д Сонгуулийн хяналтын хорооны эрх мэдлийг Хяналтын хороонд шилжүүлсэн, 21.3-р зүйлийг тэр чигт нь хассан)
    5. Хамгийн ноцтой нь сонгуулийн журмын 1.2.С заалтан дотор байсан “МХБХ нь сонгуулийн үйл явцад аливаа төрийн нөлөөлөл байгаа бол нэн даруй ОУХБХ болон АХБХ - нд мэдэгдэх үүрэгтэй” гэсэн өгүүлбэрийг зориудаар хассан зэрэг ноцтой засваруудыг хийсэн нь Сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэсэн санаархал гэж үзэж байна.
  3. А.Ганбаатар нь МХБХ - ны санхүүгийн тайланд аудитын шалгалтыг оруулж, ноцтой зөрчлүүд  илэрсэн бөгөөд 5 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ гэж өөрийн биеэр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэ мэдээллийг нуун дарагдуулж, ёс зүйгүй үйлдэл гаргасан;
    А.Ганбаатар нь МХБХ - ны санхүүгийн тайланд аудитын шалгалтыг оруулж, ноцтой зөрчлүүд  илэрсэн бөгөөд 5 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ гэж өөрийн биеэр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэ мэдээллийг нуун дарагдуулж, ёс зүйгүй үйлдэл гаргасан;
  4. МХБХ -ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Ганбатын мэдээлснээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар нь МХБХ - ноос Ерөнхийлөгчийн хувиар 2.5 сая төгрөгийн цалинг  2014 оны 11, 12 дугаар сард бодуулж авсан. Энэ нь 2014.11.22 - ны өдөр хуралдсан Ээлжит бус Их Хурлын үеэр ОУХБХ - ны элч төлөөлөгч Жэймс Жонсоны цохон тэмдэглэж анхааруулсан асуудлыг ноцтойгоор зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргасан;
  5. А.Ганбаатар нь 2014.12.05 - ны өдөр ОУХБХ - ноос Сингапур улсад зохион байгуулсан “Хиймэл зүлэгний арчилгаа” сэдэвт семинарт Монголын хөлбөмбөгийн ертөнцөд ямар ч хамааралгүй өөрийн төрсөн хүү болох Ганбаатарын ЧИНБАТ - ыг явуулж ёс зүйн хэмжээгүй хүн болохоо дахин нотоллоо (БАРИМТ: АХБХ-ны сайт)
    А.Ганбаатар нь 2014.12.05 - ны өдөр ОУХБХ - ноос Сингапур улсад зохион байгуулсан “Хиймэл зүлэгний арчилгаа” сэдэвт семинарт Монголын хөлбөмбөгийн ертөнцөд ямар ч хамааралгүй өөрийн төрсөн хүү болох Ганбаатарын ЧИНБАТ - ыг явуулж ёс зүйн хэмжээгүй хүн болохоо дахин нотоллоо.
  6. Малайзад болсон Азийн Хөлбөмбөгийн Холбооны чуулганд техникийн албаны дарга, шигшээгийн дасгалжуулагчид оролцдог арга хэмжээнд тайлбарлагч Э.Балжиннямыг явуулсан (БАРИМТ: АХБХ-ны сайт).

МХБХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг доголдуулсан үйлдлүүд:


  1. А.Ганбаатар нь мэргэжлийн бус, хөлбөмбөгийн спортын онцлогийг ойлгодоггүй, мөн өөрийн мэргэжлийн зөвлөхгүй юм. Энэ оны гуравдугаар сард болох 2018 оны Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт, 2016 оны Рио де - Жанейрогийн олимпийн наадмын урьдчилсан тоглолтуудад шигшээ багаа бэлдээгүй байна. Манай шигшээ баг энэ хоёр тэмцээний дараа гурван жилийн турш тэмцээнд оролцохгүй юм.
    А.Ганбаатар нь ОУХБХ – ны дүрэмдээ зайлшгүй дагаж мөрдөх ёстой, гишүүн орнууддаа мөрдүүлдэг дор дурдсан зарчмуудыг зөрчиж байна. Үүнд:
    1. Төрийн оролцоог хориглох. Энэ зарчмын дагуу МХБХ – ны сонгуулийн үйл ажиллагаа болон Их Хурлыг бүрдүүлэхэд ямар нэгэн төрлийн төрийн оролцоог хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь, А.Ганбаатар нь “Төрийн албаны тухай хуулийн 6.1.10 – д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх буюу Төрийн Улс Төрийн албан тушаалтан юм”.   
    2. ОУХБХ (FIFA) нь дүрэм журмын хүрээнд нийт гишүүн байгууллагуудынхаа Сонгуульт болон Гүйцэтгэх албан тушаалд төрийн болон улс төрийн албан тушаалтанг оролцуулахыг хатуу хориглодог. Иймээс А.Ганбаатар нь төрийн улс төрийн албан тушаалтны хувьд МХБХ – ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж яагаад ч болохгүй, хэрэв тэр МХБХ – ны үйл ажиллагаанд орох юм бол ОУХБХолбоо МХБХ– г гишүүнчлэлээс түдгэлзүүлэх аюултай юм.
    3. ОУХБХ – ны мөрдлөг болгодог хатуу зарчмын дагуу аливаа улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг тухайн холбооны Их Хурлаас нэр дэвшүүлж, нууц санал хураалтаар сонгууль явуулж, сонгодог. Гэтэл А.Ганбаатарыг 2013 онд “морь” Ганболд дүрэм зөрчин томилсон юм.
      А.Ганбаатар нь төрийн улс төрийн албан тушаалтны хувьд МХБХ – ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж яагаад ч болохгүй, хэрэв тэр МХБХ – ны үйл ажиллагаанд орох юм бол ОУХБХолбоо МХБХ – г гишүүнчлэлээс түдгэлзүүлэх аюултай юм.

Хэрэв энэ хүн МХБХ - ны Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ мэт ёс зүйгүй, дүрэм журмыг зөрчиж, уландаа гишгэсэн үйлдлүүд давтагдаж, ОУХБХ - ны өмнө МХБХ - ны нэр хүндийг дахин унагаж, хөгжилд саад тотгор учруулж, даамжирч олон алдаа давтагдвал ОУХБХ - ноос хасагдах аюулд хүртэл орж магадгүй. Хэрвээ дахиж бид олон улсад алдаа гаргаж эрхээ хасуулвал, олон улсад нэр хүндтэй Ерөнхийлөгч Таны нэр төрд ч сэвтэй болов уу.

Ард түмэн ч энэ бүхний ард Таныг байгаа гэж бодох болно. МХБХ нь энгийн мэт Төрийн Бус Байгууллага боловч, дэлхийн хамгийн том спортын байгууллага болох ОУХБХ - ны бүрэн эрхт гишүүн билээ.

Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таны зөвлөх А.Ганбаатар ийм булхайтай зүйл дахин дахин хийж байгаа нь олон нийтэд яригдан, жигшил төрүүлж буй ёс суртахуунгүй хүнийг улс төрийн нөлөө үзүүлэн сонгуулахаар ноён Ерөнхийлөгч Таны нэр холбогдож байгаа нь зохисгүй явдал тул Улс төрийн ямар ч нөлөөгүй явагдах дүрэмтэй сонгуулийг ёс журмын дагуу явуулах боломж олгоход анхаарч өгөхийг хүсье.

Эрхэм Ерөнхийлөгч Та маш олон ардчиллын үнэт зүйлийг шингээсэн хууль, дүрэм санаачилдаг. Гэвч Таны санаачилсан энэ сайхан бүхнийг дагаж мөрдөхгүй бол хэнд ч хэрэггүй популизм болно.

Үүнтэй адил МХБХ нь, ОУХБХ - ноос санал болгосон ардчилсан, ил тод, гишүүддээ үйлчилдэг дүрмийг баталсан. Хэрвээ баталсан хууль, дүрэм, журмыг мөрдөхгүй бол хичнээн сайн байгаад ч нэмэргүй.

Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчийн чинь хувьд олон улсын нэр хүндтэй энэ байгууллагын гишүүн байгууллагын сонгуульд төрийн нөлөө орж буй, дүрмээ зөрчиж буй энэ асуудлыг анхааралдаа авч, хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн хүсэж үүнийг бичлээ.

Буруу мэдээлэлтэй бол буруу шийдвэр гаргана, зөв мэдээлэлтэй бол зөв шийдвэр гаргана байх гэж гүнээ найдаад

ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН  Хөлбөмбөгчдийн түр хороо


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив